ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГА

2012-08-29 00:50

 

Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) нь олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын талаарх дэлхий нийтийн дүрэм журмуудыг тогтоож, хэрэгжүүлэн, мөрдүүлдэг Засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм. Эдгээр дүрэм журмууд нь хувийн компаниудын гадаад дотоодын зах зээл дээрх үйл ажиллагаанд олон чухал нөлөө үзүүлдэг.
ДХБ-ын дүрэм журмуудын хамрах хүрээ өргөн бөгөөд улам тэлсээр байна. Аливаа бараа бүтээгдэхүүн тухайн улс орны хилээр нэвтрэх бүрийд эдгээр дүрэм журам мөрдөгддөг. Хөдөө аж ахуй, нэхмэл сүлжмэл зэрэг эмзэг салбаруудын хувьд эдгээр нь тусгай дүрэм журмаар зохицуулагдана, үйлчилгээ, түүний дотор санхүү, харилцаа холбооны үйлчилгээнд тусгай заалтууд байдаг, эдгээр нь оюуны өмчийг хамгаална, техник, эрүүл мэнд, аюулгvй байдлын стандарт мөрдөхөд тэдгээрийг удирдлага болгоно, Засгийн газрын худалдан авах ажиллагааг зохицуулна, дампингийн эсрэг, нөхөн тэгшитгэх болон худалдааны бусад хамгаалалтын арга хэмжээний тухай дэг журмуудыг тогтоож байна. ДХБ-ын гишүүд хөрөнгө оруулалт, үйлчилгээ, хөдөө аж ахуй, оюуны өмч болон бусад асуудлаар ДХБ-ын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрмэнд өөрчлөлт оруулж, хүрээг нь өргөжүүлэх тухай хэлэлцээ, ярилцлагын төрөл бүрийн үе шатанд оролцож байна. Түүнчлэн ДХБ-ын хүрээнд хөдөлмөр, байгаль орчин, өрсөлдөөний бодлогын талаархи шинэ дүрэм боловсруулах эсэх тухай асуудлыг ДХБ-ын гишүүд хэлэлцэж байгаа билээ.

ДХБ гэж юу вэ?
“ДХБ нь худалдаа, эдийн засгийн хөгжилд тус дөхөм үзүүлж ард түмний амьдралыг дээшлүүлэх, ажлын байраар хангах явдлыг бататгах, бодит орлогыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн үндсэн дээр дэлхийн болон үндэсний баялгийг зүй зохистой ашиглах, бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний үйлдвэрлэлийг өргөтгөх, гаалийн татварын хувь хэмжээг бууруулах, худалдааны саад тотгорыг арилгах, харилцан ашигтай, тэгш эрхтэй гэрээ хэлэлцээр байгуулах, олон улсын худалдаан дахь ялгаварлан гадуурхах хандлагыг устгах зорилготой байгууллага юм.”
ДХБ бол Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээр ("ДХБ-ын тухай хэлэлцээр")-ийн дагуу тус байгууллагын Гишүүн улс орнуудын байгуулсан олон улсын байгууллага бөгөөд 1995 онд Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн суурин дээр байгуулагджээ.

ДХБ-ын тухай хэлэлцээрт ДХБ-ын Гишүүн бүх орнуудад үүрэг хүлээлгэсэн олон талт худалдааны хэлэлцээрүүд болон ДХБ-ын гишүүдээс зөвхөн хүлээн зөвшөөрсөн гишүүдэд үүрэг хүлээлгэх хязгаарлагдмал тооны оролцогчидтой худалдааны хэлэлцээрүүд гэж ерөнхийд нь нэрлэдэг бүлэг хэлэлцээр хавсрагдсан юм. ДХБ нь Швейцар улсын Женев хотноо байрладаг ба байнгын нарийн бичгийн дарга нарын газар, Сайд нарын Бага хурал, Ерөнхий Зөвлөлөөс үндсэндээ бvрддэг. Нарийн бичгийн дарга нарын газар нь ДХБ-ын төрөл бүрийн хэлэлцээрийн хэрэгжилтэнд хяналт тавина. Сайд нарын Бага хурал нь олон талт худалдааны хэлэлцээрүүдээр шийдвэр гаргаж, Ерөнхий Зөвлөл нь дотоод дүрэм журмыг тогтоон, маргаан шийдвэрлэх асуудал хариуцдаг. Сайд нарын Бага хурал болон Ерөнхий Зөвлөлийн аль алинд нь Гишүүн бүрийн төлөөлөгч ордог байна.
Гадаад худалдааг либеральчлах замаар дэлхийн нийт хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлж, ядуурлыг бууруулах хөтөлбөрийг үндэс болгодог ДХБ-ын мөн чанар, давуу талыг олж харахын тулд түүхээс нь цухас сөхье:
     - 1995 оны эхнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Дэлхийн худалдааны байгууллага нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа олон улс орны нэгдэл гарын үсэг зурсан “Худалдаа, үнэ тарифын ерөнхий зөвшилцөл” хэмээх гэрээний “үе залгамжлагч” бөгөөд олон улс хоорондын худалдааны бодлогын хувьд тодорхой үүрэг хариуцлага хүлээж, гадаад зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх эрх тэгш байдлаа хангадаг аж. ДХБ-ын гишүүдийн худалдааны үйл ажиллагааны үндсэн зарчмыг тодорхойлбол:
1. Харилцан бие биедээ худалдааны таатай орчин бүрдүүлэх
2. Бараа бүтээгдэхүүний импортод хөнгөлөлт үзүүлэх
3. Гадаад худалдаанд ямар нэг хязгаар тогтоохгүй байх
4. Худалдааны маргааныг зөвхөн гэрээ, хэлэлцээрийн замаар шийдвэрлэх зэрэг болно.
Европын холбоонд ДХБ-ын зарчмаар нэгдсэн зах зээл бий болгосон нь худалдааны ашиг орлого өсч, иргэдийн амьдралын түвшин дээшлэх үндэс болсон байна. Тус байгууллага үйл ажиллагаагаа эхэлснээс хойш гишүүн улс орнуудын гадаад худалдааны хэмжээ 510 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ үзүүлэлт 1997 онд 109 тэрбум байсан юм.
Харилцан бүтээгдэхүүн солилцох “чөлөөт” зам нээгдсэнээр бараа, үйлчилгээний үнэ хямдрах, үндэсний үйлдвэрлэл сэргэх, улмаар амьжиргааны түвшин дээшлэх зэрэг үр дүнд хүрэх ёстой аж.
ДХБ нь голчлон хүнсний бараа бүтээгдэхүүн, оюуны өмч, хамгаалал, техник технологи нийлүүлэлт зэрэгт анхаардаг бөгөөд гишүүн орнууд харилцан бие биедээ эдийн засгийн тусламж дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх үндэс суурийг бүрдүүлдэг юм.

ДХБ-ын гишүүд хэн байдаг вэ?
Дэлхий нийтийг даяарчилж буй томоохон байгууллагын хувьд ДХБ-д эсэргүүцэгч, шүүмжлэгчид ч багагүй бий. АНУ, Европын зарим оронд ДХБ-ын үйл ажиллагааг эсэргүүцэгчид бүхэл бүтэн эвсэл хөдөлгөөнийг бүрдүүлж, жагсаал цуглаан зохион байгуулах нь элбэг тохиолддог. Тэдний үзэж буйгаар ДХБ-ын явуулдаг бодлого нь фермерийн аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг зах зээлээс шахдаг юм байна.
ДХБ-ын хэлэлцээрийн үндсэн дүрэм журам нь юу вэ?
Одоогоор ДХБ нь 149 гишүүнтэй ба шинээр 27 орон гишүүнээр нэгдэн орох өргөдөл өгөөд байна. Улс орон болон түүнтэй дүйцэхүйц статустай этгээд ДХБ-д Гишүүнээр элсэж болдог. ДХБ-ын гишүүдийн дийлэнх нь тусгаар тогтносон улс орон байх боловч, үүнд хамаарахгvй жишээ бол Европын холбоо, Хонконг болон Тайвань гэсэн гишүүд юм. ДХБ-д Гишүүнээр элсэх сонирхолтой улс орон нэгдэн орох үйл явцаар дамжин түүнд нэгдэх өргөдлөө гаргаж болдог. ДХБ-ын шинэ Гишүүн тус бүр ДХБ-ын хүчин төгөлдөр дүрэм журмыг мөрдөхийг хүлээн зөвшөөрч, худалдааны аливаа саад тотгорыг багасгах үүрэгтэй байдаг тул (гишүүдэд нь "санал болгож буй буулт" гэж нэрлэдэг) нэгдэн орох үйл явцад удаан хугацаанд үргэлжлэх хэлэлцээ хийх шаардлага гарах нь олонтаа. Шинээр элсэж буй Гишүүний нэгдэн орох нөхцөлд хэлэлцээний үр дүнг тодорхойлж, худалдааг чөлөөлөх талаар тухайн шинэ Гишүүний хүлээх үүргийг заадаг байна. Эдгээр үүргийг нэгдэн орох үед, эсхүл тогтоосон тодорхой хугацаанд багтааж биелүүлэх ёстой юм. Хувийн эрх ашгаа төлөөлж буй этгээд нь нэгдэн орох өргөдөл өгсөн аливаа оронтой хэлэлцээ хийх үед өөрийн сонирхож буй байр сууринд засгийн газраа баттай зогсохыг ятгаж, засгийн газартайгаа уялдаа холбоотой ажиллах замаар өөртөө ашигтай нөхцөл бүрдүүлэн авах боломжтой юм.

ДХБ-ын хэлэлцээр бүр нь ерөнхийдөө үл ялгаварлан гадуурхах хоёр зарчим дээр үндэслэгддэг. Эдгээр зарчим нь гишүүн бүрийн зах зээлд бараа, үйлчилгээний (ямар улс орны гаралтайгаас нь үл хамааран) өрсөлдөх тэгш нөхцөл бүрдүүлэхийг зорьдог.
  1. Үндэстний нэн тааламжтай нөхцлийн зарчим (ҮНТН зарчим),
  2. Үндэсний нөхцөл (ҮН)
-хоёр нь үл ялгаварлан гадуурхах суурь хоёр зарчим юм. Ил тод байх өөр нэг зарчим нь худалдааны өрсөлдөөний нөхцлийг тэгшитгэх зорилготой аж. ҮНТН зарчмын дагуу аливаа Гишүүн нь өөр Гишүүнээс оруулж буй импортын бараа, үйлчилгээнд бусад аль ч улс орноос (ДХБ-ын Гишүүн эсэхээс үл хамааран) импортолж буй бараанд үзүүлсэн нөхцлөөс дутуугvй таатай нөхцөл олгохыг шаарддаг. Ингэснээр (эдийн засгийн бусад зохицуулалт хийгээгvй тохиолдолд) Гишүүн аль ч орон өөр нэг Гишүүн орныг илүүд үзэж тухайн бараанд тарифыг багаар тогтоох явдал гарахгүй юм. Харин илүүд vзсэн тохиолдолд тухайн бага тарифыг нэн даруй, ямар ч нөхцөлгүйгээр бусад бүх гишүүдэд ногдуулахыг тэд шаардах эрхтэй. ҮНТН зарчим нь зөвхөн тарифт хамаараад зогсохгүй гаалийн үйл ажиллагаа, захиргааны дотоод журмыг удирддаг дүрэм зэрэг гишүүдийн хяналтанд хамрах худалдааны нөхцөлд ч мөн үйлчилнэ.

ДХБ-ын олон талт худалдааны хэлэлцээрүүд гэж юу вэ?
ҮН буюу үл ялгаварлан гадуурхах хоёр дахь зарчим нь ҮНТН зарчимтай төстэй боловч импортолж буй бараа, үйлчилгээнд (үйлчилгээний холбогдох үүрэг амлалт авсан тохиолдолд) хамрах нөхцлийг тухайн орны дотоодын бараа, үйлчилгээнд хамардаг нөхцөлтэй харьцуулж үздэг. eeрeeр хэлбэл аливаа Гишүүн нь өөр нэг Гишүүний бараа, үйлчилгээг өөрийн бараа, үйлчилгээнээс дутуугуй таатай нөхцлөөр хангах ёстой аж. ҮН-ийн хүрээ нь ҮНТН зарчмын нэгэн адил өргөн бөгөөд татварын арга хэмжээ, захиргааны дотоод журам, маркетингийн шаардлага зэргийг багтаадаг. Ил тод байдал нь ДХБ-ын дүрэм журмын үндэс болж улс орнуудын худалдааны дүрэм журам, импортын шаардлагыг хэвлэн нийтэлж тэдгээрт өөрчлөлт орох тохиолдолд ДХБ-д мэдэгдэж байх шаардлага тавьдаг байна.

Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр (ТХЕХ) ба түүнийг дагалдах хууль тогтоомжийн оронд ДХБ-ын олон талт худалдааны хэлэлцээрүүд байгуулагдаж, 1995 оны 1 дүгээр сарын 1-нд хүчин төгөлдөр болсон юм. Олон талт худалдааны хэлэлцээрүүд нь тулгуур гурван хэлэлцээрээс бүрддэг. ДХБ-ын Гишүүн тус бүр эдгээр хэлэлцээрийг баталж, дотооддоо хэрэгжүүлэх шаардлагатай байдаг. "Тулгуур" гурван хэлэлцээрт:
1. Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээр 1994- GATT (ДХБ-ын хүрээнд хамрах байдлаар),
2. Үйлчилгээний худалдааны тухай ерөнхий хэлэлцээр- GATS
3. Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбогдсон асуудлын тухай хэлэлцээр (TRIPs’) орно.
Энэ гурван хэлэлцээр гурван ерөнхий салбарын худалдааг зохицуулах vндсэн зарчмыг тогтоож өгдөг бөгөөд ТХЕХ нь бараа бүтээгдэхүүний худалдааг зохицуулж, ҮХЕХ нь үйлчилгээний (үл харагдах юмс) худалдааны дүрэм журмыг тогтоогоод, харин TRIP's (Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбогдсон асуудлын тухай хэлэлцээр)-д гишүүд хоорондын бараа, үйлчилгээний худалдаанд нөлөөлөх оюуны өмчийг хамгаалах дүрэм журмыг хамруулдаг.
ТХЕХ 1994-ийн зэрэгцээ бараа бүтээгдэхүүний худалдаанд хамрах бусад арван хоёр хэлэлцээр байдаг. Эдгээрт гаальтай холбоотой арга хэмжээ (барааны гарал үүслийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл олгох дэг журам), худалдааны тарифын бус хязгаарлалт (техникийн хязгаарлалт болон ариун цэвэр болон ургамлын хорио цээр, эрүүл ахуйн (phytosanitary) стандарт, ХАА, нэхмэлийн үйлдвэр зэрэг эмзэг тодорхой хэдэн салбарын худалдаа, худалдаанд хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх (дампингийн эсрэг авах арга хэмжээ, нөхөн тэгшитгэх татвар, хамгаалалтын бусад арга хэмжээ), худалдаатай холбогдсон хөрөнгө оруулалтын арга хэмжээ болон татаасын талаархи дүрэм журам багтдаг. Өмнөх ТХЕХ-ийн системээс ялгагдах зүйл бол эдгээр дүрэм журам нь Дэлхийн худалдааны байгууллагын Гишүүн бүрт бүрэн хамрах болсон явдал юм.
Эдгээр дүрэм журмыг аливаа нэг Гишүүн мөрдөхгvй байвал үүнийг тулгуур гурван хэлэлцээрийн дүрэм зөрчсөнтэй адилаар үзэж, өөр аль ч Гишүүн дайран өдөөх эрхтэй байна. Илүү явцуу хүрээтэй дээрх хэлэлцээрүүдийн зарчмууд ТХЕХ, ҮХЕХ болон TRIPs (Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбогдсон асуудлын тухай хэлэлцээр)-ийн үл ялгаварлан гадуурхах, ил тод байх хоёр зарчимтай нийцдэг боловч тусгай нэг салбар, эсхүл худалдааны тодорхой асуудлыг шийдвэрлэх заалтуудыг тусгасан байдаг.
Тухайлбал: ХАА-н хэлэлцээр зөвхөн тухайн хэлэлцээрт хамрах татаас, дэмжлэг болон бусад арга хэмжээ авах хэрэгслийг ашиглаж зохицуулалт хийх заалтуудыг агуулдаг. Эдгээр заалтад олон орны ХАА-н үйлдвэрлэлийн эмзэг асуудлыг тусгахыг оролдсон. Үүний зэрэгцээ, улс орнууд үндэснийхээ хэмжээнд гишүүд зайлшгүй дагаж мөрдвөл зохих дотоод журмууд эдгээр хэлэлцээрт багтдаг. Аливаа Гишүүн нь өөр Гишүүний үүрэг амлалтаа биелүүлээгvй явдлыг Гишүүний бодит амлалт, авсан үүрэг хариуцлагаа зөрчсөн хэмээн үзэж, дайрч өдөөж болдог. 
Иймд эдгээр хэлэлцээрийн ач холбогдлыг дутуу үнэлж болохгvй юм. Энэхүү бараа бүтээгдэхүүний худалдааны тусгай хэлэлцээрт туссан заалтуудад тулгуурлэн олон тооны маргаантай асуудал шийдэгдсэн билээ. ДХБ-ын зарим гишүүд хоёр талын "хязгаарлагдмал тооны оролцогчидтой худалдааны хэлэлцээр" байгуулдаг. Энэхүү хоёр талын хэлэлцээр нь зөвхөн баталсан гишүүдэд л үйлчилдэг учиртай.

GATT гэж юу вэ ? GATT-ын үндсэн дүрмүүд
Эдгээрээс хамгийн чухал нь гишүүдийн улс, муж, орон нутгийн засаг захиргаа болон төрийн хяналттай аж ахуйн нэгжийн тодорхой бараа, үйлчилгээний ханган нийлүүлэлтийг зохицуулдаг "Засгийн газрын худалдан авах ажиллагааны тухай хэлэлцээр" юм. Мэдээлэл технологийн тодорхой бүтээгдэхүүнд ногдуулсан тарифыг арилгах ерөнхий заалттай "Мэдээлэл технологийн хэлэлцээр"-т саяхнаас зарим гишүүд нэгдэн орсон.

Олон улсын худалдааг өргөжүүлэхийн тулд гаалийн тарифын хэмжээг харилцан бууруулахын тулд 23 орон 1947 оны 10 сард “Худалдаа ба Гаалийн тарифын Ерөнхий Хэлэлцээр”-т /GATT/ гарын үсэг зурцгаасан байна. Энэхүү хэлэлцээр анх “түр зуурын” хэмээн зурагдсан авч, 1948 - 1994 оны хооронд олон улсын худалдааны ерөнхий эрх зүйн хүрээ болж байсан.
GATT нь доорх 4 дүрмийн дээр үндэслэн байгуулагдсан болно.
  1. Most Favoured Nation Clause, Non-discrimination
    Үндэсний нэн тааламжтай нөхцөл буюу тэгш эрх
    Энэ нөхцөл нь, гишүүн орнуудын хоорондох ялгаварлан гадуурхах асуудлыг арилгах зорилго агуулсан. Энэ дүрмийн дагуу гишүүн орон нь бусад ямар нэгэн оронд худалдааны тааламжтай нөхцөл байдлыг бий болгон өгсөн бол GATT-ын бусад гишүүн орнуудад ижил нөхцөлийг олгох ёстой. Гэхдээ энэхүү дүрэмд Гаалийн холбоо, Чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээр, Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP) гэх мэтчилэн хөгжиж буй орнуудад олгодог гаалийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зэрэг хэлэлцээрийн нөхцөлүүд хамаарахгүй. 
  2. National Treatment
    Үндэсний харьцаа
    Үндэсний харьцааны дүрэм нь, дотоодын зах зээлийн худалдааны хууль дүрмүүд нь дотоодын бүтээгдэхүүн болон импортын бүтээгдэхүүн аль алинд ч адилхан үйлчлэх ёстойг тусгасан байна. Энэ дүрэм нь, бараа, үйлчилгээ ба оюуны өмчийг улсын хилээр нэвтрэн зах зээлд орсны дараа үйлчилнэ. Тийм болохоор энэхүү дүрэмд гаалийн татвар хамаарахгүй.
  3. Гаалийн татваруудыг бууруулан тогтворжуулах
    GATT-ын хүрээнд хамгийн түрүүнд гаалийн татваруудыг бууруулахаар хэлэлцээр хийгдсэн байна. Гишүүн орон бүр, тодорхой гаалийн татварын хэмжээнээс илүү гаргалгүйгээр (bound rates) гаалийн татвараа тогтоох ёстой билээ.
  4.  Гаалийн тарифээр хамгаалах
    Худаалдаанд дотоодын зах зээлийг хамгаалах хамгийн ил тод арга бол гаалийн тарифээр хамгаалах явдал юм. GATT –ын хүрээнд тарифын бус ихэнх худалдааг хязгаарлах хууль дүрэм гаргахыг гишүүн орнуудад хориглодог.

ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГА БА МОНГОЛ УЛС

Даяарчлалын нэг томоохон хэлбэр, илрэл бол олон улсын байгууллагуудын аливаа орны гадаад бодлогод нөлөөлөх үүрэг нэмэгдсээр буй явдал. Монгол Улсын хувьд өдгөө олон улсын 44 байгууллага, гэрээнд нэгдэн, гишүүнээр элсэж хамтран ажиллаж байна.
Монгол Улс нь дэлхийн 149 улс орныг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-д 1997 оны 1-р сарын 29-нд нэгдэн орсноор нээлттэй эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал алхам болсон.
1997 он хүртэл Монгол Улс зөвхөн 14 улс орнуудтай худалдааны хэлэлцээртэй буюу нэн тааламжтай нөхцлөөр худалдаа хийж байсан бол өнөөдөр ДХБ-ын гишүүн 140 гаруй улс оронтой таатай нөхцөл бүрджээ.
Монгол улс ДХБ-д гишүүнээр элсэхдээ, худалдааны бодлогоо олон талт худалдааны дүрэм журамд нийцүүлж боловсронгуй болгох, импортын татвар хураамж, татварын горим, тарифын бус арга хэмжээ, урамшуулал болон үйлдвэрийн бодлого, хувьчлалын хөтөлбөр, хөрөнгө оруулалт, гаалийн журам зэрэгтэй холбогдсон 20 гаруй үүрэг амлалт авсан.
Эдгээр үүрэг амлалтын хүрээнд, Монгол Улс дараахь арга хэмжээг авсан байна:
  1. Гаалийн үйлчилгээг хялбаршуулах, шат дамжлагыг нь цөөрүүлэх, тарифыг бууруулах зорилгоор гадаад худалдаатай холбоотой 30 гаруй хуулийг шинээр гарган, нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
  2. ДХБ-ын өмнө гадаад худалдааны тарифыг тогтоох дээд хэмжээг дунджаар 20% (bound rates) байлгахаар амлалт авсан байна. Гэхдээ 2007 оны байдлаар Монгол улсын импортын бараанд тогтоосон тарифын дундаж хэмжээ нь 5%-тай байна. Энэ хэмжээг 1997 оны өмнөх гадаад худалдааны тарифын хэмжээтэй харьцуулахад бараг 70%-аар буурсан. Экспортын хувьд цөөхөн хэдэн нэрийн бараанд татвар тавьдаг бөгөөд үүнд гол онцгойлох бүтээгдэхүүн нь боловсруулаагүй ноолуур юм.
  3. Түүнчлэн ДХБ-ын бусад үүрэг амлалтын хүрээнд гадаад худалдаандаа ямар нэгэн тооны хязгаарлалт /quato/ тогтоогоогүй, дотоодын үйлдвэрлэгчдэд ямар ч улсын дэмжлэг /subvention/ үзүүлээгүй байна.
  4. Оёмол сүлжмэл эдлэлийн салбарт, үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй үндсэн болон туслах материал, түүхий эд, сэлбэг хэрэгслийг гаалийн болон НӨАТатвараас чөлөөлсөн.
  5. Үндэсний стандартыг олон улсын стандартад нийцүүлэх арга хэмжээ авч байгаа зэргээр чөлөөт худалдааг дэмжих бодлого баримталж байна. Монгол улс нь ДХБ-ын хүрээнд өөрийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс, “G-33”, “Шинээр элссэн гишүүн-орнуудын бүлэг”, ба “Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын бүлэг”-т нэгдсэн байна.
Дэлхийн худалдааны байгууллагын өмнө Монгол Улсын хүлээсэн үүрэг амлалтыг биелүүлэх, Катарын Доха хотноо 2001 онд, Мексикийн Канкун хотноо 2003 онд болсон ДХБ-ын Сайд нарын бага хурлын 4, 5 дугаар чуулгануудад оролцож Монгол Улсын байр суурийг илэрхийлэн ажиллаж, худалдааны олон талт хэлэлцээнд өөрийн улсын ашиг сонирхлыг хамгаалан оролцов. Түүнчлэн ДХБ-д элсэхээр ажиллаж буй худалдааны түнш орнуудтай хоёр болон олон талын хэлэлцээ хийх, гишүүн орнуудын худалдааны бодлогыг судлах, уг байгууллагад элсэхээр ажиллаж буй бусад оронтой туршлагаасаа хуваалцах, ДХБ-ын асуудлаар мэрэгжсэн боловсон хүчин бэлтгэх зэргээр ажиллаж байна.

Улмаар Экспорт нь ДНБ-ны 56.63 хувийг эзэлж байгаа манай улсын хувьд эдийн засгийн хөгжил дэвшил, хүн амын    амьдралын түвшинг дээшлүүлэхэд олон талт худалдаа, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байна.
Монгол Улс худалдаа, эдийн засгийн салбартаа ДХБ-аас гадна НYБ, түүний төрөлжсөн байгууллагууд, олон улсын эдийн засгийн бусад байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж ирлээ. Ингэхдээ манай улсын экспортын хэмжээг нэмэгдүүлж, нэр төрлийг нь олшруулах, үр ашгийг нь дээшлүүлэх, боловсон хүчнийг чадваржуулах чиглэлд түлхүү анхаарав.

1990-ээд оноос өмнө буюу ДХБ-д гишүүнээр элсэн орохоос өмнө Монгол улс гагцхүү хуучин социалист системийн орнууд-тай худалдаа хийж байсан бол өнөөдөр дэлхийн 90 гаруй оронтой худалдаа хийж байна.
Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2006 онд гурван тэрбум гаруй ам.долларт хүрсэн нь өмнөх оноос 34.2%-иар их байгаа ба экспорт 1528.8 сая ам.долларт, импорт 1489.2 сая ам.долларт тус тус хүрсэнээр гадаад худалдааны тэнцэл анх удаа 39,6 сая ам. долларын ашигтай гарав. Энэ нь дэлхийн зах зээл дээр алт, зэсийн баяжмалын үнэ болон ямааны бохир ноолуур, ноолууран топс, сүлжмэл футболка, майк зэрэг бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ өссөнтэй холбоотой.

 

Ангилал : ОУ-ын байгууллагууд | Нийтэлсэн : mine | Уншсан (1054) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл